БАЛЕТЫН ХИЧЭЭЛЭЭС ЯМАР ХҮМҮҮЖЛИЙГ ОЛЖ АВАХ БЭ?
Балет бол гоо сайхан, төгс төгөлдрийн илэрхийлэл. Сонгодог урлагийн хаан-балет гэж ойлгож болно. Эцэг, эхчүүд ч хүүхэддээ багаас нь балет, төгөлдөр хуур зэрэг сонгодог урлагийн боловсрол олгоход нэлээдгүй анхаардаг болсонд бид их таатай байдаг. Тиймдээ ч балетын урлагаар хичээллэснээр заавал мэргэжлийн бүжигчин болохгүй ч эрүүл мэнд, эмх цэгц, мэдрэмж, тэсвэр хатуужлыг олж авдгаараа онцлог юм.

1. Зөв зогсолт. Эгц зөв зогсох нь нурууны тэгш байдал, бие махбодын өв тэгш хөгжлийн үндэс суурь юм. Энэ нь хөлийн нумын хөгжлөөс эхэлнэ. Нум нь хүний биеийн тэнцвэрийг хангадаг чухал эрхтэн гэдгийг тэр бүр хүмүүс анзаардаггүй. Хэрэв аль нэг хөлийн нум уналаа гэхэд хүний биеийн нэг тал тэр чигтээ хазайх аюултай. Хазайснаар хөл урт богино харагдахаас гадна эрүүл мэндэд маш их хохирол учруулдаг. Балетын дасгалын хамгийн гол давуу тал нь хөлийн өлмий хэсгийн ажиллагаа маш их ордог. Таны биеийн бүхий л жинг нэг хөл дээр авч эргэж, үсрэхэд хөлийн тэнцвэр хамгийн чухал юм.

2. Хөдөлгөөний эмх цэг, анхаарал төвлөрөлт. Багшийн зааварчилгааны дагуу бүжгийн элементийг төгөлдөр хуурын аянд тохируулан хийх үйл явц хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулна. Тогтсон дэг журам, эмх цэгцтэй байдлыг шаарддаг урлаг учраас тэсвэр тэвчээр их шаардана.

3. Хөгжмийн сонсгол, мэдрэмж. Сонгодог бүжгийн хөдөлгөөнийг хөгжмийн аянд тохируулан хийх нь зөвхөн сонсгол сайжруулах төдийгүй ой тогтоолтод давхар эергээр нөлөөлнө. Учир нь багшийн заасан хөдөлгөөнийг хөгжмийн аянд тохируулан хөдлөх нь мэдрэмж, ой тогтоолтыг сайжруулж байдаг.

4. Уян хатан байдал ба хурд хүч. Балетын урлагт ганц уян хатан байгаад хангалтгүй юм. Ганц хөлнөөс түлхэлт авч агаар дээр өндөр үсрэхийн тулд хүчтэй байх шаардлагатай. Уян хатан, хүчтэй байгаад хурд үгүй бол хөгжмийн аяндаа гүйцэгдэж бүжиглэх боломжгүй юм. Дээрх бүгдийг хийсэн ч нүүр царайны илэрхийлэмжгүй бол бүжиг амилахгүй. Тиймээс маш олон зүйлийн нэгдэл энэхүү урлагт шингэсэн байдаг учир тэсвэр хатуужил, хөдөлмөр хүч их шаардагддаг. Мөн тэр чинээгээрээ хүүхэд эмх цэгцтэй, уян хатан, тэсвэр тэвчээртэй, мэдрэмжтэй, хурдтай, зөв хүн болж өсөхөд балетын урлаг туслах болно.